Г.Анудария: "Oracle эмнэлэгтээ бид Солонгосын хамгийн өндөр стандартыг баримтална"
Г.Анудария: "Oracle эмнэлэгтээ бид Солонгосын хамгийн өндөр стандартыг баримтална"

2021-09-13 19:18

Монголын хэрэглэгчдэд дэлхийн алдарт Dr.Oracle брэндийн бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлсэн Г.Анудария одоо албан ёсны эмнэлгийг нь нээж байна


https://www.buro247.mn/

Text: Б.Энххүслэн

Зураг: Б.Болдбаатар (March Nine Media)

  • 2021-09-13, 10:30 


Солонгосын эмчилгээний зориулалттай Dr. Oracle косметик брэндийг Монголд албан ёсны эрхтэйгээр оруулж ирсэн Г.Анудария арьс арчилгааны талаарх үзэл бодол, Монголын гоо сайхны салбарт нэвтрэх гэж буй ноу-хау, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг Oracle арьсны эмнэлэг болон цаашдын төлөвлөгөөнийхөө талаар бидэнтэй ярилцлаа.


Анх 17 насандаа Daeduk University-д сурч боловсрохоор БНСУ-ыг зорьж, хичээлийнхээ хажуугаар дэлхийд тэргүүлэгч арьсны Oracle эмнэлэгт ажиллан үүдний хаалгачаас эхлээд менежер болтлоо дэвшиж байсан Г.Анудария энэ туршлагаасаа үүдэн арьс арчилгааны салбарт илүү их ач холбогдол өгч эхэлжээ. Тэрээр ажиллаж байх хугацаандаа Oracle эмнэлэгт мөрдөгддөг стандарт, өндөр чанартай ойроос танилцаж, арьсны асуудалтай маш олон хүн эрүүл сайхан арьстай болж байгааг нүдээрээ харсан байна. Ийм ч учраас сургуулиа дүүргээд ирэхдээ юуны түрүүнд дотоодын гоо сайхны салонууд болон тэдний ашиглаж буй бүтээгдэхүүнүүдийн дийлэнх нь чанарын шаардлага хангаагүй, эх сурвалж нь мэдэгдэхгүй байсныг анзаарсан гэнэ. Мөн арьс нь батгашихад шууд л дааврын өөрчлөлттэй тос өгч эсвэл "Хатаана. Хатаана" гэсэн өнөөх л нэг спиртээр арчдаг хуучирсан аргууд хэрэглэгдсээр байгааг олж харсан тул өөрөө энэ асуудалд хувь нэмрээ оруулахаар шийдэн Dr.Oracle брэндийг албан ёсны эрхтэйгээр Монголд оруулж иржээ.

Dr.Oracle брэнд нь өнөөдөр Европ, Америк, Ази тивийн орнуудад 80 гаруй салбараа нээж гадны нөлөөнөөс хамгаалах, хүний биед харшилгүй, богино хугацаанд эрчимтэй үр дүнгээ өгөх, эмчилгээний зориулалттай бүтээгдэхүүнүүдээ хэрэглэгчдэд санал болгосоор байна. Энэхүү брэндийн бүтээгдэхүүнүүд нь Солонгостоо төдийгүй АНУ, БНХАУ болон Европын Холбооны хүнс, эм зүйн шалгалт явуулдаг байгууллагуудаар хүлээн зөвшөөрөгдсөнөөрөө онцлог бөгөөд хэрэглэгчдийн дунд өндөр нэр хүндтэй билээ.


Юуны өмнө яагаад заавал Dr.Oracle брэндийг оруулж ирэхээр сонгосон бэ? Бусад гоо сайхны брэндүүдээс юугаар ялгаатай вэ? 


Юуны өмнө уншигчдадаа уг компанийн талаар товчхон ойлголтыг өгье. Dr.Oracle нь Oracle Medical Group-ын охин компани гэж явдаг. Косметик бүтээгдэхүүний Dr.Oracle компаниас гадна арьсны Oracle эмнэлэг, эмнэлгийн зориулалттай бүх төрлийн тоног төхөөрөмж зардаг Солонгосын хамгийн том Dermamall вебсайт, эмнэлгийн зориулалттай тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг Tentech болон дотоод сүлжээний хяналтын программ боловсруулдаг Tensoft охин компаниудтай юм. Dr.Oracle-н хувьд харьцангуй сүүлд үүсгэн байгуулагдсан бөгөөд сэдэл нь Oracle арьсны эмнэлгийн тусламжтай бүрдсэн гэхэд болно. Уг эмнэлгийн туршлага, түүхээс харахад хүмүүс арьсны эмнэлэгт үйлчилгээ аван гэртээ харихад нь үр дүн нь алга болчхоод байж л дээ. Тиймээс яагаад үр дүн нь удаан хугацааны туршид хадгалагдахгүй байна гэдгийг судлаад үзсэн байна. Эцэст нь хүмүүсийн өдөр тутмын арьс арчилгаа маш чухал байр суурь эзэлдэг гэдгийг мэдсэн байгаа юм. Тэгээд л энэхүү судалгаанд түшиглэн 2006 оноос эхлэн Dr.Oracle брэндийг үүсгэн байгуулж хэрэглэгчдэдээ зориулан арьс арчилгааны бүтээгдэхүүнийг гаргасан байдаг. Хэрэглэгч эмнэлэг дээр ирэн үйлчилгээгээ авчхаад дараа нь гэртээ хариад косметик бүтээгдэхүүнээ хэрэглэн илүү өндөр үр дүнг авах боломжтой болсон гэсэн үг юм. Тэгэхээр Dr.Oracle нь мэргэжлийн арьсны эмч нарын олон жилийн судалгааны үндсэн дээр асуудалтай арьсыг эрүүл, толигор, үзэсгэлэнтэй болгох шинжлэх ухааны үндэслэлтэй бүтээгдэхүүнүүдийг санал болгодгоороо илүү давуу талтай. Мөн шинэ, дэвшилтэд технологийг ашиглаж арьсыг дотроос нь эрүүл болгож үйлчилгээгээ эсийн түвшинд үзүүлдэг бөгөөд арьсанд харшлахгүй гэдэг нь нотлогдсоны сацуу клиникийн туршилтаар баталгаажсан билээ. Тиймээс л арьсыг гүнээс нь эрүүл болгодог энэхүү бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлэхээр шийдсэн дээ.


Тэгэхээр Dr.Oracle брэндийн бүтээгдэхүүнүүд эмчилгээний гэсэн ангилалд ордог гэсэн үг үү? 


Тийм ээ, эмчилгээний гэж тодорхойлогддог. Ер нь сүүлийн үед анзаараад байхад дийлэнх хүмүүс арьсаа дур мэдэн арчлахаас татгалзан арьсны эмчид хандах болж. Эмч нар бол үйлчлүүлэгчийнхээ арьсны онцлог, асуудлыг нарийн оношилж тухайн хүнд тохирсон эмчилгээ, бүтээгдэхүүнийг санал болгоно. Ингэхдээ тэд түлхүү эмчилгээний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг зөвлөдөг. Учир нь тэдгээр бүтээгдэхүүн нь арьсыг гэмтээж, эмзэгшүүлэхгүйгээр удаан хугацааны туршид эрүүл байлгадаг бөгөөд хамгийн гол нь судалгаан дээр суурилж хийгддэгээрээ бусад энгийн косметик бүтээгдэхүүнүүдээс том давуу талтай юм.


"Дийлэнх хүмүүс дан ганц бүтээгдэхүүнээс үр дүнг хүлээгээд байдаг боловч үнэндээ арьсны эрүүл мэнд ходоод, нойр, стресс, ядаргаа зэрэг бусад олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Ном бол ертөнцийг харах цонх гэдэг шиг арьс бол таныг харах цонх л гэсэн үг"


Dr.Oracle брэнд нь олон улсын яг ямар байгууллагуудын шаардлагыг хангасан гэж тооцогддог вэ?


Солонгос улс бол гоо сайхны салбартаа дэлхийд тэргүүлдгээрээ танигдсан. Үүнийгээ дагаад уг салбарт тавигдах шаардлага, хяналт, стандарт маш өндөр байдаг. Харин Dr.Oracle брэнд дотоодын буюу БНСУ-ын Хүнс ба Эм тарианы Хяналтын албаны шалгалтаар баталгаажсан бөгөөд олон улсад ч хүлээн зөвшөөрөгдсөн. Тухайлбал, АНУ-ын FDA, Европын Холбооны CPNP, БНХАУ-ын CFDA байгууллагуудаар бүтээгдэхүүнүүд нь баталгаажиж, гэрчилгээгээ авсан байдаг. 


Сүүлийн үед хэрэглэгчдийн хувьд хэрэглэж буй гоо сайхны бүтээгдэхүүн нь амьтан дээр туршилт хийсэн эсэх нь их хамаатай болсон. Харин Dr.Oracle брэндийн хувьд энэ тал дээр ямар зарчим баримталдаг вэ?


Дэлхий нийтээрээ байгаль, амьтнаа хамгаалах ухамсар сууж байгаа энэ цаг үед маш тохирсон асуулт байна. Dr.Oracle нь ямар ч амьтан дээр туршилт хийдэггүй. Ер нь хүнд төвөг удахгүй амьдрах, байгальд ээлтэй амьтан зовоохгүй байх нь өнөөгийн баримтлах эрхэм зарчмуудын эгнээнд орсон байна. Ялангуяа, сүүлийн үеийн өсвөр насны хүүхдүүд дэлгүүрт орж ирэхдээ “Эгч ээ, энэ амьтан дээр туршилт хийсэн үү?” гэж их асуудаг болсон. Ээжтэйгээ орж ирчхээд л “Амьтан дээр туршилт хийсэн бол авахгүй” гэдэг өгүүлбэрийг зөндөө сонссон шүү. Тэгэхээр одоо үеийн хүүхдүүдийн боловсрол, хөгжлийг хараад байхад байгаль, хүн, амьтанд хайртай сэтгэл зүй нь өндөр байгаад баярладаг. Бахархдаг ч гэхэд хилсдэхгүй.


Үүнээс гадна дийлэнх загвар, арьс арчилгааны брэндүүд хэрэглэгчдээ хүйсээр нь хуваахаа больсон. Dr.Oracle-ыг эмэгтэйчүүдээс гадна эрчүүд хэрэглэх боломжтой юу? Ер нь эрчүүд болон эмэгтэйчүүдийн арьс хоорондоо ялгаатай байдаг уу?


Арьс л бол арьс. Тиймдээ ч энэ нь эрэгтэй хүнд харин тэр нь эмэгтэй хүнд гэсэн ангилал Dr.Oracle брэндэд байхгүй. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай арьсаа арчилж асуудлаа шийдэхийг хүсч л байгаа бол манай бүтээгдэхүүнүүдээс сонгон хэрэглэх бүрэн боломжтой. Тэр дундаа Dr.Oracle нь эмчилгээний зориулалттай учраас хүйсээр хуваадаггүй бөгөөд арьс болгоныг л сайн чийгшүүлж, сайн эмчилнэ.


Арьсны эрүүл мэнд сэтгэл зүйн байдалтай шууд холбоотой байдаг. Таны хувьд үүнийг өөрийн биеэр мэдэрч байсан уу? 


Тийм шүү. Арьс, тархи, ходоод гурав салшгүй холбоотой байдаг гэж боддог. Жишээ нь, хүн стресстлээ гэж бодоход шууд ходоодонд нөлөөлдөг, ходоодонд нөлөөлсөн бол арьс руу дамжин хүрдэг. Дийлэнх хүмүүс дан ганц бүтээгдэхүүнээс үр дүнг хүлээгээд байдаг боловч үнэндээ арьсны эрүүл мэнд ходоод, нойр, стресс, ядаргаа зэрэг бусад олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Ном бол ертөнцийг харах цонх гэдэг шиг арьс бол таныг харах цонх л гэсэн үг. Аль болох сэтгэл санаагаа тайван байлгаж, дотроосоо эрүүлжиж байж хүсээд байгаа гэрэлтсэн, толигор арьсаа бий болгох юм. Тиймээс нойр, хоол, арьс арчилгаагаа зохицуулж тэнцвэртэй байлгах хэрэгтэй. Гол нь тэнцвэр.

Миний хувьд арьснаас шалтгаалсан ямар нэг асуудалтай тулгарч байгаагүй. Тийм ч учраас сэтгэл зүй, арьс хоёрын холбоог сайн мэдэхгүй Монголд ирсэн л дээ. Гэхдээ ирээд эргэн тойрны минь хүмүүс арьснаасаа болоод стресстэй байдгийг анзаарч эхэлсэн. Жишээ нь, батганаасаа болж өөртөө итгэлгүй болох гэх мэт асуудлууд маш түгээмэл харагдаж байлаа. Ийм асуудал байдаг гэдгийг мэдсэн цагаасаа эхлэн Монголд ямар бүтээгдэхүүнүүд зарагдаж, хэрэглэгчид юу сонгон хэрэглэж байгаа талаар маш их судалгаа хийгээд үзэхэд дийлэнхдээ албан ёсоор орж ирдэггүй, тээвэрлэлт болон хадгалалтын горим алдагдсан бүтээгдэхүүнүүд зарагддаг болохыг мэдсэн. Энэ л миний Dr.Oracle гэх эмчилгээний косметик бүтээгдэхүүнийг оруулж ирэх сэдэл болсон доо. Эхлээд би Oracle эмнэлгийг оруулж ирэх чин хүсэлтэй байсан ч эхний ээлжид хэрэглээ талаас нь нэвтрүүлэхээр шийдэж чанартай, стандартад нийцсэн, тээвэрлэлт, хадгалалтын горим алдагдаагүй бүтээгдэхүүнийг 2019 оноос эхлэн санал болгож эхэлсэн.


Dr.Oracle мөн бас нэгэн бүтээгдэхүүнээрээ алдартай байдаг нь хэрэглэгчдийн өдөр тутмын арьс арчилгааг цоо шинэ түвшинд авчирсан LED маск юм. Та манай уншигчдад зориулж уг бүтээгдэхүүний ач холбогдлын талаар хуваалцаач?


LED маскны хувьд анх 2014 оноос эхлэн АНУ, Барууны болон Азийн орнуудад нэвтрэн нэг оролт нь л гэхэд маш өндөр үнэтэйгээр хийгддэг үйлчилгээ байсан. Тухайн үед хүмүүс LED масканд орохын тулд гоо сайхны салон эсвэл эмнэлэг зорьж очдог байлаа. Харин одоо тэрхүү зөвхөн салонд өндөр үнээр авдаг байсан үйлчилгээ, бүтээгдэхүүн нь гэрийн нөхцөлд ашиглах боломжтой болжээ. Гэр бүл, хүүхэд, ажил, тэр ч байтугай түгжрэлд хамаг цагаа зарцуулж байгаа энэ үед гоо сайханд орох боломж тэр бүр бүрдэхгүй байна шүү дээ. Тиймээс заавал салон руу гүйж очилгүйгээр гэртээ байхдаа ч гэсэн дуртай дуугаа сонсонгоо гэрлэн эмчилгээг өөртөө хийж болно. Энэ бол маш том давуу тал, дэвшилт юм. Хамгийн гол нь LED маскийг хэрэглэхэд арьсны төрлийн ямар нэг хязгаарлалт байхгүй. Эмзэг, мэдрэмтгий, батгашилттай, нүхжилттэй, нөсөө толботой гээд арьсны төрөл, асуудал хамаарахгүй хэрэглэж болно.



Таныг мөн Oracle эмнэлгийг албан ёсоор Монголд нээх гэж байгаа гэж дуулсан. Хэзээ үүд хаалгаа нээж, ямар үйлчилгээ санал болгох вэ?


Oracle эмнэлгийг Монголд албан ёсны эрхтэйгээр энэ есдүгээр сарын сүүлээр нээхээр төлөвлөж байна. Энэхүү эмнэлэг нь олон улсын стандартад нийцсэн, системчлэгдсэн гэдгээрээ бидэнд шинэлэг болно. Системчлэгдсэн гэдгийг тайлбарлая. Тухайлбал, Анужин гэдэг үйлчлүүлэгч Oracle эмнэлгийн Монгол дахь салбарт үйлчлүүллээ гэж бодоход Анужингийн хэзээ, ямар үйлчилгээ авсан талаар мэдээллийг системдээ оруулаад явчихдаг. Тухайн хүний талаарх дата үүсгэж байна аа гэсэн үг. Ингэснээр Анужин Oracle эмнэлгийн Хон Конг, Япон, Сингапур зэрэг бусад орнуудын салбарт үйлчлүүллээ гэж бодоход Анужингийн талаар хадгалагдсан мэдээлэл дээр суурилан хэрэгцээтэй үйлчилгээг нь үргэлжлүүлэн үзүүлж ажилладаг юм. Нэг ёсондоо Анужин Сингапур улсын Oracle эмнэлэгт очоод "Би Монголын салбарын үйлчлүүлэгч Анужин байна аа. Намайг 14 хоног өнгөрмөгц дараагийнхаа үйлчилгээнд орох ёстой гэсэн" гэвэл таны ID кодын тусламжтай эмчилгээг тань тасалдуулахгүйгээр үргэлжлүүлэн хийж өгдгөөрөө бусдаас онцлог билээ. Тиймээс л нэгдсэн, системчлэгдсэн гэж тодорхойлоод байгаа юм.


"Солонгос улсад үйл ажиллагаагаа явуулдаг нийт арьс гоо заслын эмч нараас өндөр зэрэглэлийн эмч нь ердөө 2% эзэлдэг гэсэн үзүүлэлт байдаг. Харин энэхүү 2%-д багтдаг 20 эмч нь Oracle эмнэлэгт ажилладаг юм"


Oracle эмнэлэг зөвхөн Dr.Oracle брэндийн бүтээгдэхүүнүүдийг ашиглана гэсэн үг үү?


Тийм ээ. Үүнээс гадна гоо сайхны эмнэлгийн хувьд тоног төхөөрөмж чухал байр суурийг эзэлдэг. Oracle эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компанийг TenTech гэдэг. Дээр дурдсанчлан энэ нь Oracle Medical Group-ийн охин компаниудын нэг нь юм. Tentech БНСУ-ын тэргүүлэх аж ахуй нэгжүүдийн эгнээнд ордог бөгөөд үргэлж инновацлаг, дэвшилтэд төхөөрөмжүүдийг нийлүүлдгээрээ улсдаа сайшаагддаг. Ингээд тоймлоод харахад эмнэлэг нь ч тэр, косметик бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмжийн компани нь ч тэр үргэлж тэргүүлэх байр эзэлдэг байгаа.

Монголын хувьд Oracle эмнэлгийг оруулж ирэхдээ тоног төхөөрөмжийн компанийг давхар оруулж ирэх бөгөөд дотоодынхоо зах зээлд худалдаалахаар төлөвлөж байна. Үүгээр дамжуулан Монголд эмнэлгийн стандарт ч бий болно. Ер нь гарал үүсэл нь тодорхойгүй тоног төхөөрөмжүүд хэрэглэдэг эмнэлгүүдийг халж яг тэндэх үнээр нь дотоодоосоо бодит худалдан авалтыг хийх боломжийг бүрдүүлэх зорилготой. Түүнчлэн бид 2023 оны төлөвлөгөөндөө Dermamall буюу эмнэлгийн зориулалттай бүх төрлийн тоног төхөөрөмжийг худалдаалах вебсайтыг нээх талаар тусгасан. Цар тахлаас болоод хойшилчихгүй л бол. Мөн Oracle клиник дотроо шүдний эмнэлэг гэж салдаг ба 2022 онд Монголдоо нэвтрүүлэхээр ажиллаж байна.


Монголын Oracle эмнэлэгт ажиллах мэргэжилтнүүдийг ямар шалгуураар сонгосон бэ?


Манай эмнэлэгт ажиллах эмч нь Солонгос улсад байрлах төв салбар дээр дадлага хийгээд яг хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна. Эмч маань дадлагынхаа хугацааг дуусгаад долдугаар сарын 8-ны өдөр Монголд ирсэн юм. Тэрээр төв салбар дээр авсан мэдлэгээ эндээ хэрэгжүүлнэ гэсэн үг. Бүх үйлчилгээ 2004 оноос хойш мөрдөгдөж байгаа стандартын дагуу явагдана. Тэгэхээс биш Монгол эмчийн хувийн хүсэл энд яригдахгүй юм. Бүх зүйл мэргэжлийн өндөр түвшинд байна. Түүнчлэн Ковид-19 цар тахлын улмаас бусад гоо сайханчид маань Oracle эмнэлгийн баримталдаг стандартыг онлайн сургалтаар дамжуулан сурсан байгаа.


"Солонгост хэрэглэдэг тарилгаас эхлэн хөвөн, бент хүртэл яг л адилхан нэг стандартынх байна. Заасан стандартыг барьж ажиллахын тулд өөрсдөө дур мэдэн Монголоос юу ч авч болохгүй гэсэн үг. Зөвхөн бидэнд итгэл хүлээлгэсэн хирээрээ маш олон шаардлагууд, үүргийг хүлээдэг учраас аюулгүй байдлын хувьд ямар ч санаа зовох шаардлагагүй"


Ихэнх гоо сайхны эмчилгээнүүдийг курсээр нь, олон давтамжтайгаар хийлгэж байж үр дүн гардаг. Харин орчин үеийн завгүй амьдралд үүнд цаг заваа тааруулна гэдэг их хүндрэлтэй байдаг шүү дээ. Энэ тал дээр Oracle эмнэлэг ямар нэг шийдлийг хүргэж байгаа юу?


Та Oracle эмнэлэгт хандлаа гэхэд бид зөвхөн танд тохирсон үйлчилгээг санал болгохоос гадна таны амьдралын хэв маягт тааруулсан тусгай программыг зохиож өгнө. Энэ нь хурдаар хэмжигдэж буй өнөөгийн нийгэмд том давуу тал болж байна. "Арьс арчилгааг яаж хийвэл тохиромжтой вэ? Яавал хэрэглэгчид тухтай байх вэ?" гэдэг талаас нь хардаг. Тэгэхээр ийм байх ёстой гэсэн тогтсон заалтын дагуу бүх хүнд ижилхэн үйлчилгээг, ижил хуваарийн дагуу үзүүлдэггүй гэсэн үг. Яг л түрүүн дурдсан шиг Анужин гэдэг хүний хүсэл сонирхолд нийцүүлэн үйлчилгээгээ санал болгодог. Түүнчлэн Oracle эмнэлгийн чансааг өндөрт байлгадаг бас нэгэн шалтгаан байна. Юу вэ гэхээр, Солонгос улсад үйл ажиллагаагаа явуулдаг нийт арьс гоо заслын эмч нараас өндөр зэрэглэлийн эмч нь ердөө 2% эзэлдэг гэсэн үзүүлэлт байдаг. Харин энэхүү 2%-д багтдаг 20 эмч нь Oracle эмнэлэгт ажилладаг юм. Энэхүү үзүүлэлт нь Oracle-ыг Солонгостоо төдийгүй дэлхийд илтгэх аюулгүй байдал, нэр хүндийнх нь баталгаа болдог.

Мөн БНСУ бол гоо сайхны мэс заслаараа дэлхийд нэгт ордог гэдгийг хүн бүр мэдэх биз. Гадаадаас зөвхөн эмнэлгийг нь зорин очдог хүмүүс маш их. Үүнийгээ дагаад Medical Tour буюу эмнэлгийн аялал хөгжөөд байна. Уг аяллын хүрээнд Oracle эмнэлэг жагсаалтыг үргэлж тэргүүлдэг. Өөрөөр хэлбэл, Солонгос руу явж гоо сайхны эмчилгээнд ормоор байна аа гэхэд зуучлалын компаниуд Oracle эмнэлгийг хамгийн түрүүнд санал болгодог юм. Түүнчлэн БНСУ-ын Аялал, жуулчлалын газраас эмнэлгийн аяллын хүрээнд зохион байгуулсан арьсны эмнэлгүүдийг эрэлт, чансаагаар нь шалгаруулах тэмцээнд Оracle түрүүлж байсан. 


Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад эмнэлгүүдээс Oracle юугаараа өөр байх вэ?


Стандарт гэж хэлнэ. Солонгост хэрэглэдэг тарилгаас эхлэн хөвөн, бент хүртэл яг л адилхан нэг стандартынх байна. Тиймээс цаанаас нь заасан стандартыг барьж ажиллахын тулд өөрсдөө дур мэдэн Монголоос юу ч авч болохгүй гэсэн үг. Мастер франчайз гэдэг утгаараа. Бид косметик бүтээгдэхүүн оруулж ирэх болон эмнэлгийн үйл ажиллагаа явуулах эрхээ exclusive буюу онцгой эрхтэй гэрээний дагуу авсан байгаа. Энэ гэрээ нь яадаг вэ гэхээр, Dr.Oracle болон Oracle клиникийг Монголд оруулж ирэн үйл ажиллагаагаа явуулах эрхийг зөвхөн бид эзэмшинэ гэсэн үг. Цаанаас нь тавьсан шаардлагыг хангасан учраас бидэнд итгэл хүлээлгэсэн байгаа юм. Итгэл хүлээлгэсэн хирээрээ маш олон шаардлагууд, үүргийг хүлээдэг учраас аюулгүй байдлын хувьд ямар ч санаа зовох шаардлагагүй билээ. Жишээ нь, тээвэрлэлтийн шаардлага маш хатуу тусгагдсан байдаг. Заавал тээвэрлэлтийн газраа өөрсдөө сонгох ёстой. Дурын каргогоо сонгоод тээвэрлэнэ гэсэн юм хэзээ ч байхгүй. Арга ч үгүй. Учир нь Dr.Oracle чинь эмчилгээний зориулалттай бүтээгдэхүүн шүү дээ. Хэтэрхий халах ч юм уу, хөлдөөх нөхцөл байдлыг хэзээ ч үүсгэх ёсгүй. Тэгэх л юм бол бүтээгдэхүүний орц, найрлагад өөрчлөлт орж харшил өгөх, үйлчилгээ нь буурах, үр дүн харагдахгүй байх гэх мэт асуудлууд үүснэ. Тиймээс гэрээнээсээ зөрөөд үүнийг нь ч ингэчихье, тэрийг нь ч нуугаад, хаагаад оруулчихъя гэсэн юм ер байхгүй. Дээрээс нь бид залуу хүмүүс, залуу компани гэдэг утгаараа зөв зүйлд хөрөнгө оруулж ирээдүйдээ үлдээх тал дээр суурилж ажиллаж байна.


"Арьс арчилгааг нарны тосгүйгээр төсөөлшгүй. Нарны тосыг сайн түрхсэнээр арьсны асуудал үүсэх магадлалыг 70% бууруулах боломжтой. Энэ бүтээгдэхүүн чинь нарны хэт ягаан туяа, салхинаас хамгаалахын сацуу хол, ойрын богино долгионоос ч гэсэн хамгаалдаг юм"


Харин таны хувьд арьс арчилгааны талаар сайн мэддэггүй байсан үеийн өөр дээрээ очвол хамгийн түрүүнд ямар зөвлөгөө өгөх байсан бэ?


Цэвэрлэгээ сайн хий гэж хэлнэ. Би чинь цэвэрлэгээ сайн хийдэггүй хүүхэд байлаа. Аягүй их сагс тоглоод л явж байдаг, хөлс нь гарсан ч тэгж их угаадаггүй хүүхэд байсан. (Инээв - ред. тэмдэглэгээ). Тэгээд сайн чийгшүүл гэж хэлнэ. Усан суурьтай чийгшлийг бол ямагт өгч байх хэрэгтэй. Эцэст нь нарны тос. Өөр юм хэрэггүй. Энэ гурвыг ягштал хийгээд явж байхад асуудал үүсэхгүй дээ.


Та арьс арчилгааны ямар бүтээгдэхүүнгүйгээр амьдарч чадахгүй вэ?


Нарны тос л гэж хэлэх байна. Арьс арчилгааг нарны тосгүйгээр төсөөлшгүй. Нарны тосыг сайн түрхсэнээр арьсны асуудал үүсэх магадлалыг 70% бууруулах боломжтой. Энэ бүтээгдэхүүн чинь нарны хэт ягаан туяа, салхинаас хамгаалахын сацуу хол, ойрын богино долгионоос ч гэсэн хамгаалдаг юм. Өдөр тутамд түгээмэл хэрэглэгддэг утас, телевиз, компьютерын долгион арьсыг маш их гэмтээж байдаг. Мөн машинд ороод суухад ажиллуулдаг агааржуулагч, хоол хийхэд гардаг уур болон агаарын бохирдол нь арьсанд сөргөөр нөлөөлдөг. Энэ болгоноос маш сайн хамгаалалтаа хийхийн тулд нарны тосоо ягштал хэрэглэх хэрэгтэй. Тэгж байж л наснаасаа илүү залуухан, асуудалгүй байна.


Таны бодлоор өнөө, маргаашаа аргацаах биш урт хугацаандаа арьсаа хамгийн сайхнаар нь авч үлдэхийг хүсвэл яах хэрэгтэй вэ?


Арьс бол хүний хамгийн үнэ цэнтэй эрхтэн. Тэгэхээр энэ зүйлийг маш их чухалчилж анхаарах шаардлагатай. Нэгдүгээрт, хэрэглээндээ анхаарах хэрэгтэй. Аль болох химийн орц, найрлага ороогүй бүтээгдэхүүн сонгох. Хоёрдугаарт, өнөөх л нарны тосоо түрхээрэй. Нарныхаа тосыг түрхээд асуудлуудаас урьдчилан сэргийлэх боломжтой байхад хойрго хандан арьсны асуудал нэгэнт үүссэний дараа эмнэлэг дээр очих шаардлагагүй шүү дээ. Гуравдугаарт, зориод очдог арьсны эмчтэй болчих юм бол их зүгээр. Эмчээсээ тогтмол зөвлөгөө аваад, улирлаас шалтгаалан бүтээгдэхүүнээ яаж, хэрхэн сольж хэрэглэвэл зүгээр талаар ярилцаад, өөрийн гэсэн тогтсон хуваарьтай болчихно. За зун болж байгаа юм чинь бүтцийг нь солиод усан суурьтай бүтээгдэхүүн түлхүү хэрэглэе гэдэг ч юм уу. Мөн арьс хүртэл стресстдэг учир арьсны стресс тайлах бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй.


Бидэнтэй ярилцсанд тань баярлалаа. Цаашдынхаа төлөвлөгөөнүүдээс хуваалцаач? 


Монгол улсад гоо сайхны эмнэлэг болон бүтээгдэхүүн дээр стандарт тогтоох чин хүсэл эрмэлзэлтэй байгаа. Эмнэлгийн үйлчилгээ, косметик бүтээгдэхүүн хоёр нь нягт холбоотой байдаг учраас үүнийг шууд утгаар нь Монголд дэлгэрүүлмээр байна. Одоо хийж байгаа үйлдэл болгон ирээдүйгээ бүтээж байдаг учраас ирээдүйд аюулгүй үйлчилгээ, чанарын шаардлага хангасан худалдан авалт бий болно гэж хардаг. Бидний үр хойчийн үед улсынхаа хаана ч явсан дурын дэлгүүр лүүгээ ороод тэндээсээ шууд ямар нэг нарны тос ч юм уу айлгүйгээр авах хэмжээний тийм худалдан авалтын жишгийг бий болгох зорилготой. Монголд зарагдаж байгаа дийлэнх бүтээгдэхүүнүүд асуудалтай байдгаас болоод тэгж чаддаггүй юм шиг санагддаг. Чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хэдхэн тогтсон газар биш хаа сайгүй худалдаалдаг болмоор байна шүү дээ. Мэдээж одоо шууд бүх юм өөрчлөгдчихгүй. Тэгэхээр бага багаар хийж бүтээж, үйлдэл бүрдээ энэ бүх агууламжийг шингээж ажиллахад болно. Ерөнхийдөө манай Oracle эмнэлэг яг л дэлхийн стандартыг барьж ажиллах учраас Монголд байгаа эмнэлгүүд цаашдаа тийм болох байх гэсэн итгэл найдвартай байна. Ямар ч айх аюулгүй амьдарна гэдэг чинь гоё ш дээ. Тийм л ирээдүйг бүтээмээр байна.


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл